Шинэчлэлт:

Гарааны бизнес эрхлэгчдэд 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулна

Огноо: 2018 оны 08 сарын 06

Дэлхий дахинаа хөгжиж буй орнууд дахь гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилго бүхий “Seedstars World” тэмцээн Монгол улсад хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж буйтай холбоотой "SMS-Startup marketing space" төвд мэдээлэл хийлээ.

Уг тэмцээн нь дэлхийн 75 оронд зохион байгуулагдаж шинэ үеийн залуу бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбон зуучлах, шилдэг бизнесүүдийн туршлагаас суралцах, өөрсдийгөө хөгжүүлэх, танилын хүрээгээ тэлэх, бизнесээ танилцуулах боломжоор хангадаг дэлхийн хэмжээний тэмцээн ажээ.

Энэхүү тэмцээнд оролцогчид улс орныхоо, бүс нутгийн шилдэг гарааны бизнесүүдтэй өрсөлдөж шилдгээр шалгарсан баг нь 1.000.000 ам.долларын хөрөнгө оруулалт авах эрх болон дэлхийн нэр нөлөө бүхий хөрөнгө оруулагчид, зөвлөхүүдтэй холбогдох боломжийг олгож байгаа юм. Өнөөг хүртэл тус тэмцээний оролцогчид нийт 61,000,000 ам.долларын хөрөнгө оруулалт босгож дэлхий даяар 800 гаруй хүнийг ажлын байраар хангаад байна.


Энэ талаар "Seedstars World" байгууллагын Европ, Төв Ази хариуцсан мэргэжилтэн Алина розановагаас  тодрууллаа. Тэрбээр "Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах эрхийг Монголын гарааны бизнесийн экосистемийн гол тоглогчдын нэг “Стартап Маркетинг Спэйс” төв авч, бусад түнш байгууллага, харилцагч байгууллагатай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Тэмцээн нь 8 дугаар сарын 16-аас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд Монголын шилдэг 10 гарааны компани өрсөлдөж, ялагчаар шалгарсан нэг баг эх орноо төлөөлөн Швейцар улсад болох дэлхийн тэмцээнд орох эрхтэй болно.

“Seedstars Ulaanbaatar 2018” тэмцээнд оролцох гарааны бизнес нь байгуулагдаад хоёр жилээс хэтрээгүй, MVP /Minimial Viable Product/ буюу Бүтээгдэхүүний туршилтын хувилбараа боловсруулсан, ашгийн төлөө бизнес санаа байх юм. Түүнээс гадна тухайн бизнес нь зөвхөн дотооддоо төдийгүй гадаад зах зээлд ч тэлж ажиллах боломжтой байх нь “Seedstars World” тэмцээний хувьд томоохон давуу тал болно. Мөн энэ жил онцгойлон технологийн бизнесээс гадна эмэгтэй гарааны бизнес эрхлэгчид, бусад гэсэн төрлөөр  гарааны бизнесийг дэмжиж ажиллахаар бэлдэж байна" хэмээсэн юм.

Тэмцээнд оролцох хүсэлтэй багуудын бүртгэл Наймдугаар сарын 10-ыг дуустал онлайнаар явагдана. Нийт бүртгүүлсэн багуудаас шүүгчдийн бүрэлдэхүүн 10 гарааны бизнесийг сонгон авч 2 өдрийн эрчимжүүлсэн сургалтад хамруулан 3 дахь өдөр нь шилдгүүдийг тодруулна.

Бүртгүүлэх линк

Тэмцээнд оролцогчи стартапын бүртгэл https://seedsta.ru/ulaan18 apply

Үзэгчдийн бүртгэл: https://seedsta.rs/ulaan18 attend

Албан ёсны хаштаг: #SSWUlaanbaatar18 #SSWTour18

Албан ёсны мэдээллийг:

https://www.seedstarsworld.com/event/seedstars-ulaanbaatar-2018

https://www.facebook.com/events/581428125572689/

Утас: 7577-6777. 9505-3556

Б.Амирдаа

Эх сурвалж: www.ZINDAA.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
АНХААРУУЛГА:
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭТГЭГДЛҮҮД
Шинэ мэдээ